Туул голоо хамгаалахаар тэмцсэн Улаанбаатарчуудын тэмцэл амжилтад хүрлээ
/2026.6.11/ Туулын хурдны замын ажил 2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр албан ёсоор эхэлсэн юм. Ингээд бямба, ням гарагуудад Маршалын гүүрийн дагуу тал бүрээс сайн дураараа нэгдсэн иргэд Туул голоо хамгаалахаар жагссан юм. Харин даваа гарагаас жагсаал төв талбайд үргэлжилсэн билээ.
ШУУГИАН ЭХЛЭВ
Усны зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэм, Ой судлаач Д.Мөнхзориг нар “Миний нэрийг Туулын хурдны замын мега төслийн баримт бичигт судалгаа хийсэн хэмээн оруулж, гарын үсгийг минь дуурайлган зурсан байна” хэмээн ар араасаа мэдэгдсэн нь их шуугианы эхлэлийг тарив.

Нийт өртөг нь 2,3 их наяд төгрөгийн төсөвтэй, мега төсөлд судлаачийн гарын үсгийг дуурайлган зурна гэдэг эрүүгийн гэмт хэрэг байлтай хэмээн иргэд гайхан цочирдов. Гэвч шуугиан үүгээр дууссангүй. Өнөөх айхтар мега төсөл нь төрийн агентлаг болох Усны газраас ямар ч зөвшөөрөл аваагүй, ямар ч судалгаа мэдээлэл хүргүүлээгүй гэдгийг тус газрын дарга З.Батбаяр батлан өгүүлэв. Дахиад л шуугив. Энэ юу болоод байна?
Ингээд асуудлууд ар араасаа урган гарч, тал бүрээс элдэв мэдээллүүд хөврөх болов.
ХУУДУУТАЙ ТООНУУД
Туулын хурдны зам гэх 32км үргэлжлэх замын мега төслийн гол зорилго бол түгжрэлийг бууруулах. Гэтэл төслийн талаарх өмнөх ярилцлагуудыг нэгтгэн харвал Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа тус төсөл нь түгжрэлийг багадаа 50% бууруулна хэмээн мэдэгджээ. Харин Х.Нямбаатарын удирдаж буй Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас өгсөн мэдээллээр өнөөх тоо 30% болж, нийслэлийнхний илтгэлд дурьдсанаар 14% ч гэж яригдав. Өөрөөр хэлбэл, төслийн гол бай хэдэн хувь руу чиглэж буй нь ойлгомжгүй боллоо.
Туул гол дээгүүр баригдах байгууламж нь 2574 тулгуур баганатай байх бөгөөд 2556 нь голын татам хэсэгт, 18 нь голын голдирол дотор баригдана гэв. Багануудын өндөр нь 14-21м буюу 5-7 давхар байшингийн өндөртэй тэнцэхүйц юм.

Байгалийн шинжлэх ухааны судлаачид энэ хэмжээний өндөрт зам барьснаар Туул гол дээгүүр өргөн хэмжээний сүүдэрлэлт бий болж, улмаар эко систем нь бүрэн устана хэмээн мэдэгдсэн юм.
ХЭТИЙДСЭН ТӨСӨВ
Төслийн төсөв мөн асуудал дагуулав. Төсөл эхлээгүй байхдаа л дараах байдлаар нэмэгдэж, Нийслэлийн ИТХ-ын хурлаар батлагджээ.

Үүнтэй зэрэгцэн огт ажил хийж эхлээгүй БНХАУ-ын Хаюань компанид нийслэлийн төсвөөс дөрвөн сар гаруй хугацаанд 13 удаагийн зарлагаар 500 гаруй тэрбум төгрөгийг тус компанид шилжүүлжээ. Шилжүүлгийг Хаюань компани тендэрт ялснаас ердөө хоёр сарын дараагаас эхлүүлсэн байна.
China Hyway group limited гэх энэ компани Монгол Улсын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдөр бүртгүүлж, 2,3 их наяд төгрөгийн тендэрт 2025 оны долоодугаар сарын 4-ний өдөр ялсан.

Тус компанид 500 тэрбум төгрөг шилжүүлэхэд даатгагчийн баталгааг Мөнх даатгал гэх даатгалын компани гаргаж өгсөн. Гэвч Мөнх даатгал компанид ийнхүү тендэрийн баталгаа гаргах санхүү, төлбөрийн ямар ч чадамж байхгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлд хариулсан юм.
Засаг даргын орлогч асан Т.Даваадалай “Энэ бол өөрөө зардлаа нөхөх хурдны зам. УБ хотод нийт 580 мянган тээврийн хэрэгсэл өдөр бүр хөдөлгөөнд оролцдог бөгөөд эдгээрийн 30% нь Туулын хурдны замаар зорчиж, зорчих бүртээ 5000 төгрөгийн хураамж төлнө. Ингээд зардлаа нөхчихнө” гэлээ. Түүний бодсон аргачлал:
Т.Даваадалайгийн мэдээлснээр Туулын хурдны замын зардлыг Нийслэлийн төсвөөс гарахаар тооцоолжээ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ҮЛ ТООЖ, ХУУЛИУДЫГ ЗӨРЧИВ
Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор төрийн агентлагуудад ямар ч мэдээллийг Нийслэлээс болон China Hyway компаниас өгөөгүй байна. Энэ талаар Ойн газар, Усны газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд мэдэгдсэн юм.

Мөн Чайна Хаюань компани нь Байгаль орчны яамаар Туулын хурдны замын байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, төлөвлөгөө батлуулснаар байршуулах ёстой мөнгийг ч байршуулаагүй байв. Энэ нь мөн л хууль бус үйл ажиллагаа юм.
Энэ компанийн хууль бус үйл ажиллагааг үүгээр зогссонгүй. Дараах хуулиудыг зөрчсөн байж болзошгүй. Үүнд:
- Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль: Учир нь Туулын хурдны замыг барихын тулд Туул гол дамжин өнгөрдөг 7 дүүрэг, 5 аймгийн иргэдийн дунд санал асуулга явуулаагүй. Энэ хуулийн 6.4-т “Нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах талаар нийслэлийн хэмжээнд 500-аас дээш, дүүрэгт 300- аас дээш, аймагт 100-аас дээш гэсэн заалтыг биелүүлээгүй.
- Усны тухай хууль: 22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоож, барилга байгууламж барихыг хориглосон байдаг. Гэвч Туулын хурдны замын ажлыг явуулахын тулд Усны тухай хуульд өөрчлөлт оруулжээ.
- Соёлын өвийн тухай хууль: 38.1.2.палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох. Мөн
ИРГЭДИЙН ТЭМЦЭЛ 32 ХОНОГ ҮРГЭЛЖЛЭВ
Иргэдийн гуравдугаар сарын 21-нд эхлүүлсэн тэмцэл дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 32 дох хоногтоо эхний амжилтдаа хүрэв. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэр гаргаснаа зарлав.
Улмаар тавдугаар сарын16-ны өдөр Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Энэ хугацаанд иргэдийн эсэргүүцэл:
Мөн иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөний зорилгыг УИХ-ын гишүүд болон Ардчилсан нам дэмжиж, ХҮН нам Туулын хурдны замын төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж, аж ахуйн нэгжүүд дэмжих зэргээр хөдөлгөөн улам бүр өргөжсөөр байлаа. УИХ-ын гишүүн Х.Золжаргалын санаачилгаар зургаадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 2024-2026 оны Нийслэлийн төсвийн нээлттэй сонсголыг хийхээр болсон.
2026 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар Туулын хурдны замын төсөл зогссон хэвээр байна.
Хатан туулаа хамгаалцгаая пэйж хуудаст нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Эх сурвалж: mega.forum.mn/post/181567 · Мега төслүүдийн мэдээллийн нэгдсэн сан · Нээлттэй Нийгэм Форум