Одоогоор туршилтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн, тун удахгүй зорчилтыг нээх дүүжин тээвэр төслийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Төслийн нэр: Дүүжин замын тээвэр
Төсөвт өртөг: 60,7 сая евро (2020.5.12-нд Франц Улсын ЗГ-аас нэн хөнгөлөлттэй зээлийг олгосон)
Төсвийн эх үүсвэр: Франц улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл
Гүйцэтгэгч компани: Францын "Пома" (POMA) групп
ТЭЗҮ хийгдсэн он: 2023
Ашиглалтад орох хугацаа: 2026.12.15
Зорчих тасалбарын үнэ: 1500-2000
Кабины тоо, багтаамж: Нийт 98 кабин шугамд ажиллана. Нэг кабин нь 10 хүний багтаамжтайбөгөөд хамгийн ихдээ 800 кг даацтай.
Зорчих хурд: Дүүжин тээврийн кабин агаарт 6 м/с буюу 21.6–22 км/цагхурдтайгаар аялна. Яармагаас Хархорин худалдааны төв хүртэлх 4.2 км урттай трассыг кабинаар 11-12 минутын доторбүрэн туулж дуусгана.
“БАЯНХОШУУ-ХАНЫН МАТЕРИАЛ- ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ” ГЭСЭН ЗОРЧИХ ШУГАМТАЙ БАЙЖЭЭ
2020 онд Монгол Улс болон Франц Улсын Засгийн газар хооронд Улаанбаатар хотын нйтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх санхүүгийн хэлэлцээрийг байгуулсан. 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийтийн тээврийн үйлчилгээнд... дүүжин тээврийг нэвтрүүлнэ” гэж заасан байв.
2020.6.29-нд Франц Пома Эжис Рэйл компанитай НЗДТГ-аас байгуулсан гэрээнд анхны заасан шугам нь “Баянхошуу-Ханын материал- Гэмтлийн эмнэлэг” гэсэн зорчих шугамтай байжээ.Улмаар ковид гарч, төслийн үйл явц удааширсан бөгөөд 2022 онд Засгийн газраас энэ шугамыг “Үр ашиггүй” хэмээн үзэж цуцалжээ. Энэ үед Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байв.
Ингээд 2023 онд шугамыг “Яармаг, Арцат хороолол- Өнөр хороолол” болгон гэрээг дахин байгуулсан байна.
Дүүжин тээврийн төслийг Франц улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр, нийт 60.7 сая евро (ойролцоогоор 240 гаруй тэрбум төгрөг)-ийн төсөвтэйгээр хэрэгжүүлж байна. Нэн хөнгөлөлттэй зээл гэдэг нь Маш урт хугацааны буюу 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь ердөө 0.0076% бөгөөд эхний 12 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй гэсэн үг.
Францын Пома компанийн вэбсайтад тухайн компанийн үйл ажиллагаа явуулдаг/явуулж байсан улс орнуудын жагсаалт байна. Үүнд: Колумб, Болив, Армен, Египет, Хятад, Монгол, АНУ зэргийг дурьджээ.
Аливаа хөнгөлөлттэй зээлийг олгосон улсын компаниуд тухайн төслийн гүйцэтгэгчээр ажилладаг буюу зүгээр ч нэг зээл олгоод байдаггүй. Дүүжин тээврийн төсөл дээр ч адил төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Францын алдартай "Пома" (POMA) групп ажиллаж байна. Яармаг–Арцат–Өнөр хороолол (Хархорин) чиглэлийн 4.2 км урттай эхний шугамын барилга угсралтын ажил дууссан бөгөөд туршилтын зорчилтыг эхлүүлсэн.
Уг шугамыг 2026 оны 12 дугаар сарын 15-нд албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөн Улсын комисст хүлээлгэж өгөх бэлтгэл хангагдаж байна.
Зам, тээврийн яамнаас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/1309 дугаартай албан бичигт "Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дүгээр заалтад заасны дагуу Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглох заалтыг анхаарах” талаар чиглэл илгээж байжээ.
Дүүжин замын тээврийг нэвтрүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг хариуцах Улаанбаатар кабель кар ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны зардалд 2,4 тэрбум төгрөгийг 2026 оны Нийслэлийн төсвийн тодотголоор өгчээ. Энэ байгууллагын дүрэмд зааснаар байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн хяналт шалгалтыг дотоодоосоо зохион байгуулахаар тусгасан байна.
БАЙРШЛЫГ СОНГОСОН ШАЛТГААН буюу ЯАГААД
ЯАРМАГААС ХАРХОРИН ГЭЖ?
Өмнө өгүүлсэнчлэн энэхүү төслийг “Баянхошуу-Ханын материал- Гэмтлийн эмнэлэг” гэсэн зорчих шугамтайгаар төлөвлөж байжээ.
Гэвч яагаад гэнэт яармагийн иргэд Хархорин худалдааны төвийг зорихоор төлөвлөсөн болохыг төслийн удирдлагын нэгж дараах байдлаар тайларбарласан байна.
“Одоогоор Хархорин Яармагийг холбосон шууд зам байхгүй, Гурвалжингийн гүүр, Яармагийн гүүрээр эсвэл Сонсголонгийн гүүрээр тойрч очдог бөгөөд үүнд цаг хугацаа их шаарддаг, ялангуяа оргил ачааллын үед 2-3 цаг, түүнээс ч илүү хугацаа зарцуулдаг байна. Төлөвлөж байгаа хойд буудал буюу 1-р хороолол, Хархорин зах орчим 500 метр радиус дотор хотын хуучин орон сууцны хороолол бүхий хүн амын нягтрал ихтэй, 1км² талбайд 334 хүн, хамгийн их нь 927 хүн ногддог. Сонгинохайрхан дүүргийн 29, 17, 16, 15, 14 хороо, Sunday 2, Барс 2, Хархорин гэсэн томоохон зах, худалдааны төвүүд байрладаг хөдөлгөөний эрчим ихтэй байна. Түүнчлэн БГД-ийн замын цагдаагийн хэлтэс, барилга угсралт компани/, бусад 260 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Харин урд буудал буюу Яармагийн буудал нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Наадамчдын автозамын хажууд байрлаж байгаа бөгөөд 500 метр радиус дотор Яармагийн шинэ суурьшлын бүсийн барилгажилтгүй орон зай боловч тус дүүргийн хамгийн их амтай хороотой, хүн амын нягтрал нь дунджаар 1км² талбайд 262.7 хүн хамгийн их нь 7467.7 хүн байдаг. Ойролцоо ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Хүннү Молл, Сансар, Номин худалдааны төв, British school, Tomyo, VIP Residence, Шинэ Монгол Харамафүжи зэрэг хувийн сургууль, Toyota, Porsche авто машины албаны ёсны төв, Доктор авто сүлжээ зэрэг байрладаг. Тус хорооны хамгийн гол онцлог нь Улаанбаатар хотын шинэ захиргаа байрлаж байна Цаашид барилгажилт идэвхтэй явагдах төлөвтэй байгаагийн дээр хотын захиргаа, шинэ Нисэх буудлыг хүн ам ихтэй СХД-тэй холбох гол зангилаа болох төлөвтэй байгаа билээ.
Энэ хоёр байршил нь Улаанбаатар хотын нягтрал ихтэй ч хоорондоо автозам, нийтийн тээврийн сүлжээгээр холбогдоогүй, голоор тусгаарлагдсан хэсэг бөгөөд газар чөлөөлөх асуудал бага, хөдөлгөөний эрчим ихтэй орон зай юм” гэжээ.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ?
Дүүжин тээврийг ярихын тулд хамгийн түрүүнд тавигддаг асуудал нь аюулгүй байдлыг хэр хангасан бэ. Дүүжин тээвэр ажиллуулдаг улс орнуудад цөөнгүй осол аваар гарсан.
Хамгийн сүүлд гэхэд 2026 оны гуравдугаар сард Швейцарьт Альпийн нуруунд байрлах алдартай цанын баазад хүчтэй салхины улмаас дүүжин тээврийн нэг кабин татлагаасаа мултран уулын уруу унасан. Кабинд ганцаараа зорчиж явсан 61 настай эмэгтэй амиа алдсан юм. Ослын шалтгааныг маш хүчтэй буюу 130км/цагийн хурдтай салхины улмаас гэж дүгнэсэн.
Мөн 2025 оны хоёрдугаар сард Италид, өртөө рүү кабин дөхөж очихдоо хурдаа сааруулж чадалгүй, өртөөний хаалт, байгууламжийг хүчтэй мөргөсөн байна.
Мөн онд Италийн Неапольд жуулчдын сууж явсан дүүжин тээврийн кабин хавцал руу унаж, 4 хүн амиа алдсан хэрэг гарсан юм.
Аюулгүйн ажиллагааг хангасан байдлыг төслийн нэгжийнхэн буюу Нэгдсэн төслийн удирдлагын газраас хэрхэн тайлбарласныг доор хүргэж байна.
Зорчиж явтал цахилгаан тасарвал яах вэ: Хотын үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд системд холбогдсон нөөц генератор болон нөөц цахилгаан хөдөлгүүрүүд автоматаар ажиллаж эхэлнэ. Эдгээр үүсгүүр нь агаарт яваа бүх кабинуудыг хамгийн ойрын өртөө (зогсоол)-нд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах үүрэгтэй.
Хүчтэй салхи, газар хөдлөлтөд яах вэ: Төслийн бүтээн байгуулалт болон тулгуур баганууд нь хотын хүн ам суурьшсан бүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэйгээр хийгдсэн. Мөн цаг агаарын эрс тэс уур амьсгал, -40-өөс -50 хэмийн хүйтэн(бие даасан халаалтын системээр тоноглогдсон)болон 70 км/цаг хүртэлх хүчтэй салхийг ажралгүй тэсвэрлэх технологиор баригдсан.
Гэнэтийн ослын үед яах вэ: Системийн үндсэн гүйцэтгэгч Францын "Пома" групп аюулгүй ажиллагааны 48 дүрэм журмыг боловсруулж өгсөн. Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн тусгай аврагчдын баг дүүжин тээврийн агаарын замаас хүн аврах тусгай бэлтгэл, сургалтыг тогтмол хийж байна.
Төслийг хүлээн авах Улсын комисс 2026 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хоорондбүтэн нэг сарын хугацаанд ажиллаж, бэлэн байдлыг эцсийн байдлаар шалгаж үнэлнэ.
ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?
Төслийн II хэсэг болох “Үндэсний соёл амралтын хүрээлэн- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” төслийг хэрэгжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийг (Х.Нямбаатар) 2024 онд баталсан.
Энэхүү нийтлэлийг "Мега төслийг мэдэх эрх" төслөөр Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Засаглалын хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн хүргэлээ.
Эх сурвалж: mega.forum.mn/post/181547 · Мега төслүүдийн мэдээллийн нэгдсэн сан · Нээлттэй Нийгэм Форум