Өргөн тархаад байгаа худалдааны апп манай улсад ямар хохирол учруулж болох вэ?
АНУ-ын зах зээлд 2022 онд анх нээгдсэн Тэмү худалдааны сайт бол Хятадын дотоод дахь үйлдвэрлэгчдийн илүүдэл барааг дэлхийн хэрэглэгчдэд борлуулах зорилготой юм. Үүсгэн байгуулагч PDD Holdings компани.
Энэ худалдааны сайт нь зуучлагч, тээвэрлэгч, бөөний худалдаачдыг бүрэн алгасах бизнес загвартай. Үйлдвэрээс хэрэглэгчийн гарт (Direct-to-Consumer) барааг шууд хүргэх загварыг ашигладаг. Тэдний гол зорилго нь өгөгдөлд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэт хямд үнэ болон тоглоомчилсон маркетинг (gamification)-ийн тусламжтайгаар дэлхийн цахим худалдааны зах зээлийг монопольчлох явдал юм.
Хэрэглэгчдийн хувьд асар хямд бараа бүтээгдэхүүн худалдан авах, өргөн сонголтыг өөрөө хийх, хүргэлтийн маш хялбар, хурдан нөхцөл, үнэгүй буцаах боломж гээд сайн талуудтай.
Гэвч сөрөг талууд ч бий. Тухайлбал, олон улсын лабораториудын шинжилгээгээр Temu-ийн хүүхдийн тоглоом, хувцас, гоёл чимэглэлээс хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин их хар тугалга, кадми, сурьма зэрэг хорт бодисууд илэрсэн. Мөн олон цахилгаан хэрэгсэл нь аюулгүй байдлын шаардлага хангаагүй тул галын аюул учруулдаг.
Мөн тус аппликейшн нь хэрэглэгчийн утасны мэдээлэл, байршил, зурваст зөвшөөрөлгүй хандах, spyware (тагнуулын программ) суулгах зэрэг кибер аюулгүй байдлын ноцтой хэргүүдэд буруутгагдаж байна.
Supply chain буюу нийлүүлэлтийн сүлжээндээ Хятадын Шинжаан-Уйгурын бүс нутгийн албадан хөдөлмөр эрхлэлтийг ашигласан байх өндөр эрсдэлтэй гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд үздэг.
Мэдээж дэлхийг эзлэх зорилготой энэ худалдааны сайтын аливаа улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл өндөр байх нь ойлгомжтой.
Хятадын Засгийн газрын татаас, асар хямд ажиллах хүч, үйлдвэрлэлээс шууд нийлүүлж байгаа зэргээс шалтгаалж тухайн улсын дотоодын үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачдын хувьд өрсөлдөх ямар ч боломжгүй болж, дампуурах нөхцлийг бүрдүүлдэг. Нэгэнт үүссэн тэгш бус байдлын улмаас бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахаа больсон дотоодын дэлгүүрүүд, бөөний төвүүд, үйлдвэрүүд хаалгаа барина.
Асуудал зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид, худалдаачдаар дуусахгүй. Temu нь барааг бөөнөөр нь биш, хэрэглэгч бүрт жижиг илгээмжээр илгээдэг. Ихэнх улс орнууд тодорхой үнийн дүнгээс доош (жишээ нь АНУ-д 800$, ЕХ-нд 150 евро, Монголд тодорхой лимит) жижиг ачааг гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлдөг хуулийн цоорхойг Temu овжин ашигладаг. Харин манай улсын хувьд хувь хүний нэр дээр карго ирж байгаа тохиолдолд гаалийн татвар төлдөггүй.
Дотоодын бизнесүүд гаалийн татвар төлж бараагаа оруулж ирдэг байтал Temu ямар ч татвар төлөхгүйгээр хэдэн тэрбумаар хэмжигдэх борлуулалтыг хийдэг. Энэ нь улсын төсвийн орлогот сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, гаалийн ачааллыг хий дэмий нэмэгдүүлдэг.
Татваргүй бараанд зориулсан валют нь ч тухайн улсын эдийн засагт эргэлдэхгүйгээр шууд хятадын компани, Temu рүү урсан одно. Валютын гадаад урсгалын нэмэгдүүлнэ гэсэн үг. Ингэснээр төгрөгийн ханш улам бүр суларна.
Улс орнууд Temu-ээс хэрхэн сэргийлж, ямар арга хэмжээ авч байна?
Барууны орнууд Temu-ийн хэт хямд үнийн давуу талыг дотоодын үйлдвэрлэлийг унагах, татвараас зайлсхийх хэрэгсэл гэж үзэн хууль эрх зүйн хатуу хоригууд тавьж эхэлсэн:
TEMU-ЭЭС АВЧ БОЛОХГҮЙ БАРАА
Temu аппликэйшнд худалдаалагдаж буй хүүхдийн бүтээгдэхүүн, арьсанд шууд хүрдэг зүйлс болон цахилгаан хэрэгслийг худалдаж авах нь хамгийн өндөр эрсэлдтэй гэж үзэж байна.
Хамгийн аюултай, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй барааны ангиллуудыг доор нэрлэж байна.
1. Хүүхдийн тоглоом болон нярай хүүхдийн хэрэгсэл
2. Цахилгаан хэрэгсэл, цэнэглэгч болон батерей
3. Хувцас, гутал болон нэхмэл бүтээгдэхүүн
4. Гоёл чимэглэл, аксисуар
5.Гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний цаас
Монгол Улс харсаар л суух уу?
Манай улсын хувьд нийт импортын 40 гаруй хувийг Хятад улс эзэлдэг. Монголын Гаалийн Ерөнхий газар болон холбогдох төрийн байгууллагуудаас Temu-д зориулсан хязгаарлалт, зохицуулалт одоогоор хийгдээгүй байна.
Тэр ч бүү хэл Temu-ийн бараа бүтээгдэхүүнүүдэд лабораторийн хяналт ч тавихгүй байгаа юм. Тиймээс цаашид бараа бүтээгдэхүүний чанарын хяналтыг манай улс хийх нь зайлшгүй байна.
Татварын орчны хувьд ч мөн адил Temu-ийн ямар ч татваргүй бараануудад татвар тавихгүй бол дотоодын бизнес эрхлэгчид НӨАТ, гаалийн татвар төлж байгаа нь хэт шударга бус байдлыг үүсгэж байна.
Манай улсын хувьд хамгийн том аюул нь хэрэглэгчдийн боловсролгүй байдал буюу хямд үнэтэй барааны цаана эрүүл мэндийн хортой материал байж болзошгүй талаарх боловсрол олгох шаардлага тулгараад байгаа юм.
Эх сурвалж: mega.forum.mn/post/181558 · Мега төслүүдийн мэдээллийн нэгдсэн сан · Нээлттэй Нийгэм Форум