Технологи, AI асар хурдтай хөгжихийн хэрээр түүнийг ажиллуулах тархи буюу дата төв барих шаардлага, зүрх буюу эрчим хүчний эрэлт асар ихээр нэмэгдэх боллоо.
Ногоон эрчим хүчид суурилсан хиймэл оюуны тооцооллын төв буюу дата төвийг (AI дата төв) Монгол Улсад хөгжүүлэх, цаашлаад өгөгдлийн эдийн засгийг бий болгох гэсэн зорилготойгоор Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас “Ногоон дата төв” төслийг хэрэгжүүлж байна. Мөн энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд “Өгөгдлийн тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Ингээд дата төв гэдэг нь юу вэ, хэрхэн ажилладаг вэ, энэ төсөл яаж хэрэгжих вэ, энэ бүхэн ямар учиртай вэ гэдэг талаар тайлбарлаж байна.
Дата төв гэж юу вэ?
Дата төв гэж өгөгдлийг (өгөгдөл гэдэг нь интернэт орчинд байгаа зураг, видео, текст зэрэг бүх мэдээллийг хэлдэг) боловсруулах, дамжуулах, солилцох, хадгалах, нөөцлөх үүрэг гүйцэтгэж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг агуулсан төхөөрөмж, барилга байгууламжийг хэлдэг. Дата төв нь жижгээс аварга том хүртэл янз бүрийн хэмжээтэй.
Жишээлбэл, фэйсбүүкийг эрхлэн гаргадаг Мета гэхэд дэлхий даяар 32 дата төвийг ажиллуулдаг. Гол 20 дата төв нь АНУ-д байрладаг бөгөөд эдгээрийн 94 барилга байгууламж нь нийт 4.4 сая хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг. Энгийнээр бол Сүхбаатарын талбайг 140 гаруй томруулсантай тэнцэх хэмжээний газар нутаг.
Дэлхий дээр улс орон бүр гадны болон өөрийн улс орны дата төвүүдийг ажиллуулж байдаг. Хамгийн олон дата төвтэй улс орнуудад АНУ, Их Британи, Герман, Франц, Хятад, Энэтхэг, Австрали улс ордог.

Дата төв хэрхэн ажилладаг вэ?
Дата төв гэдэг нь маш энгийнээр хэлбэл Фэйсбүүк, Инстаграм, Юүтүб, цахим банк зэрэг бидний өдөр тутамд ашигладаг бүх аппликейшн, мэдээллийг тасралтгүй ажиллуулж, хадгалж байдаг "дижитал тархи"буюу аварга том компьютеруудын цуглуулга юм (Gemini). Дата төв дотор хүний өндөртэй тэнцэх хэмжээний том том төмөр шүүгээнүүд байх бөгөөд түүн дотор сервер гэж нэрлэгддэг хүчирхэг компьютеруудыг өрж байрлуулсан байдаг.
Дата төвүүд нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй далайгаар болон газар доогуур татсан аварга том шилэн кабелийн сүлжээгээр холбогддог.Энэ ньтаны утаснаас гарсан дохио интернетээр дамжин дата төв рүү очиж, тэндээс хариу мэдээллийг гэрлийн хурдаар таны дэлгэц рүү буцааж тээвэрлэдэг "авто зам" болно.
Хэрэв фэйсбүүкийн дата төвийн тог тасарвал дэлхий даяар фэйсбүүк гацаж, банкуудын цахим гүйлгээ зогсож аюултай нөхцөл байдалд хүрнэ. Тиймээс дата төвүүд нэн тэргүүнд тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангагдах ёстой байдаг.
Мөн олон мянган компьютер нэг дор 24/7 тасралтгүй ажиллахаар асар их халуун агаар ялгарч, серверүүд шатах эрсдэл үүсдэг. Тиймээс дата төвүүдэд хөргүүрийн зорилгоор их хэмжээний усыг ашигладаг.
Тасралтгүй хөгжиж буй технологийн урсгал нь эрчим хүч, ус, барилга байгууламжуудын эзэлж буй зай талбайг өдрөөс өдөрт нэмж буйгаас болж дата төвүүдийн асуудал сүүлийн үед дэлхий дахинд хурцаар тавигдах болсон. Гэвч үүний зэрэгцээ дата төвүүд бол томоохон хөрөнгө оруулалт, ажлын байр гэдгийг ч онцолсоор байна.
Тиймээс эерэг ба сөрөг талтай дата төвүүдийг байгуулахдаа эрчим хүч, усны хэрэглээ, газар эзэмшил, татварын хэмжээ, орон нутгийн эдийн засаг болон дэд бүтцийн хөгжилд үзүүлэх нөлөө зэргийг багтаасан хууль дүрмээ тодорхой болгох нь хамгийн чухал гэж үзэж байгаа юм. Мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй дата төвийн эрэлт хэрэгцээ, хөгжлийн хурдыг хэрхэн тооцоолохоо оруулах нь ч зүй.
Манай улсын хувьд “Өгөгдлийн тухай” хуулиар зохицуулж, дата төвүүдийг барьж байгуулах “Ногоон дата төсөл”-ийг хэрэгжүүлж буйг дахин өгүүлээд, дараах агуулгуудад задлан тайлбарлаж байна.
ДАТА ТӨВ БА УС
Өмнө өгүүлсэнчлэн дата төвүүдийн хөргүүрийн систем нь их хэмжээний ус ашигладаг. Томоохон дата төвүүдийн усны хэрэглээ нь бага хэмжээний хотын хэрэглээтэй тэнцэнэ. АНУ-д байрлах AI дата төвүүд 2028 он гэхэд 360 мянган өрхийн (УБ хотын нийт өрхийн тоо 490 мянга) хэрэглээтэй тэнцэхүйц хэмжээний ус хэрэглэнэ гэдэг тооцооллыг гаргажээ.
Манай улсад мөн адил AI дата төвүүд байгуулахаар төлөвлөж буй. Харамсалтай нь, дата төвүүд байгуулахыг зохицуулсан Өгөгдлийн тухай хуулийн төсөлд усны талаарх заалт алга.
Монгол нь усны хувьд нэн эмзэг улс. Оюутолгойн гэрээний алдаатай заалтуудыг Өгөгдлийн тухай хууль болон түүнтэй холбоотойгоор гадны компаниудтай байгуулах гэрээнд давтаж боломгүй. Учир нь дата төвийг барьж байгуулах, ашиглах үйл явцын хөрөнгө оруулалтын хэмжээ Оюутолгойтой дүйцэхүйц, зарим нь давахуйц хэмжээнийх байх юм.
Монголын талаарх өгүүллүүдийг англи хэлнээ бичдэг нийтлэлчРоберт Ритц 100мВт хүчин чадалтай AI дата төв монголд байгуулахаар бол хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатайг жишээлжээ. Түүний тооцоолсноор хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 6,7 тэрбум америк доллар болох аж. Харьцуулвал, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нь 7 тэрбум орчим америк доллар болсон билээ.
Гэтэл ийм өндөр хөрөнгө оруулалттай төсөлд усны асуудлыг хэрхэхийг тусгаагүй байгаа нь манай Засгийн газар Оюутолгойн гэрээний алдаагаа давтах эрсдэлтэй байна.
Ч.Номин сайдын Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг үзвэл манай улс эдийн засгийн чөлөөт бүсүүддээ дата төв бариулах стратегитай байгаа ажээ. Манай улсад эдийн засгийн 3 чөлөөт бүс бий.
Усны нөөцийн хувьд чөлөөт бүсүүд нь ийм ялгаатай түвшинд байгааг харгалзан үзэж, хуулийн төсөлд ялгаатайгаар зохицуулалт хийж өгөх нь зүйтэй.
АНУ усны зохицуулалтыг хийхдээ дата төв бүр холбогдох төрийн байгууллагуудад сар тутам, улирал бүрийнхээ усны хэрэглээний тайланг илгээдэг байхаар хуульчлахаар төлөвлөж байна. Харин манай улсад дата төвүүд нь Элчин сайдын яамны статустай байх бөгөөд монголын төрийн байгууллагууд тус дата төвүүдийн үйл ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй байх хуулийн зохицуулалтыг хийжээ. Үүнийг сайд Ч.Номин хэлэхдээ “орон нутгийн цагдаа очоод цахилгааныг нь салгах, шүүх, прокуророос очоод үйл ажиллагааг нь зогсоох зэрэг нөхцөл үүсвэл энэ салбар цаашид тогтвортой үргэлжлэх боломжгүй. Тиймээс халдашгүй, бие даасан байдлыг бий болгож өгөхийг хүсэж байгаа.Үүнийг бий болгохын тулд бид хуулийн төсөл өргөн барьсан.Нэг үгээр хэлбэл, “цахим Элчин сайдын яам” болох ёстой” гэжээ.
Дата төв нь Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байдлыг зогсоох эерэг талтай боловч хуулийн цоорхойгоо сайтар харахгүй аваас гашуун түүхээ дахин давтаж болзошгүйг ахин сануулмаар байна.
ДАТА ТӨВ БА ЭРЧИМ ХҮЧ
Технологийн хөгжил, AI (хиймэл оюун) зэргийг эрчим хүчгүйгээр ярих ямар ч боломжгүй. Энгийн нэг AI дата төвийн эрчим хүчний хэрэглээ нь гэхэд 100 мянган өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй тэнцэнэ . Томууд нь үүнээс 20 дахин их цахилгаан хэрэглэнэ. Тиймээс л эрчим хүч гэдэг технологийн хувьсгалын зүрх нь болчихоод байгаа хэрэг.
Дэлхий даяар дата төвүүдэд оруулах хөрөнгө оруулалт 2022-2024 онд буюу ердөө хоёр жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Дата төвийн эрчим хүчний хэрэглээгээр АНУ, Хятад, Европын холбооны улсууд тэргүүлдэг. 2024 оны байдлаар дата төвүүд дэлхийн нийт эрчим хүчний 1,5%-ийг дангаараа хэрэглэж байсан бол энэ хэрэглээ 2030 он гэхэд хоёр дахин өснө гэж тооцоолж байна. Харин АНУ-ын Лаурэнс Бэркли лабораторийн мэдээлснээр АНУ дах дата төвүүд тус улсын нийт эрчим хүчний хэрэглээний 12%-ийг 2028 он гэхэд дангаараа эзэлнэ гэж тооцоолжээ.
Манай улсын хувьд, Цахим хөгжлийн сайд Ч.Номингийн хэлж буйгаар дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээг, тухайн компани тус бүр дэргэдээ сэргээгдэх эрчим хүчний станцыг байгуулснаар шийдэхээр “Өгөгдлийн тухай” хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл дэх цахилгаан эрчим хүчтэй холбоотой заалтууд:
СОР17 хурлын үеэр Ч.Номин сайдын мэдээлснээр ойролцоогоор 863 мегаваттын эрчим хүч хэрэглэх хэмжээний дата төвийг байгуулна гэсэн хэлцлийг хэдийнээ хийсэн байна. Энэ бол манай улсын эрчим хүчний хэрэглээний тал хувьтай тэнцэх юм. Харьцуулвал, манай улсын хамгийн том, гол тулгуур станц болох ДЦС-4-ийн суурилагдсан хүчин чадал нь 789 МВт байдаг.
Түүнчлэн дээр өгүүлсэн хуулийн заалтыг харвал манай улс эрчим хүчний хараат байдлаасаа гарах эерэг тал энд байгааг дурьдах нь зүйтэй.
ДАТА ТӨВ: ОРОН НУТГИЙН ИРГЭД БА БАЙГАЛЬ
ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ
Дата төвүүд нь орон нутгийн иргэдтэй зөвшилцөх болон байгаль орчны асуудалтай ихээхэн тулгардаг.
Тухайлбал, дата төвүүдийн асар том агааржуулагч, хөргөлтийн системүүд 24 цагийн турш үйлдвэрийн нүргэнтсэн их дуу чимээ гаргадаг бөгөөд шөнөөр маш том гэрлийн бохирдол үүсгэдэг. Энэ нь малын бэлчээр, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг. Гэтэл хуулийн төсөлд энэ талаар огт заагаагүй байна.
Тухайлбал, дата төвийн үйл ажиллагаатай холбоотой орон нутгийн иргэд гомдол гаргавал төрийн аль байгууллагат хандах вэ, төрийн байгууллага яаж тухайн харилцааг зохицуулах вэ? Эсвэл иргэд юу ч гэж хашгирсан нохой хуцахын чинээ тоохгүй суух уу?
Өөрөөр хэлбэл, Өгөгдлийн тухай хуулийн төсөлд усны асуудлыг орхигдуулсан шигээ орон нутгийн эрх ашиг хохирсон тохиолдолд яах вэ гэдэг асуудлыг бүрэн орхигдуулжээ. Орон нутгийн иргэдийн эрх ашгийг хөсөр хаясан Засгийн газар-корпорациудын хоорондын асуудал болсон байна.
Дата төвүүдээс ялгарах дулааныг орхиод, зөвхөн дуу чимээний талаар авч үзье. Дата төвүүдийн дуу чимээ гэдэг нь үйлдвэрийн зориулалттай аварга том хөргөлтийн систем, агааржуулагч болон цахилгаан тасрах үед ажилладаг дизель генераторуудын нүргээн юм. 24 цаг нэг ч хором зогсохгүйгээр дүнгэнэх энэ дуу чимээ нь 70-90 децибелд хүрдэг бөгөөд та маш их ачаалалтай автозамын яг голд өдөр бүр 24 цаг, жилийн 365 хоног зогсохтой зүйрлэж болно.
Хэрэв дата төвийн үйл ажиллагаанд доголдол гарвал нэмэлт дизель генераторууд ажиллаж эхлэх бөгөөд энэ нь таны хажуугаас онгоц хөөрөхтэй ижил хэмжээний дуу чимээг ялгаруулдаг.
Ингэснээр аль нэг суманд дата төв баригдвал, тухайн сумын иргэд болон малчид насан туршдаа, өдөр шөнөгүй аварга том хөлөг онгоцны мотор эсвэл үйлдвэрийн хүнд механизмын хажууд амьдарч байгаа мэт тасралтгүй дүнгэнээн дунд амьдрах аюул тулгарна. Гэвч үүнийг зохицуулсан заалт Өгөгдлийн тухай хуулийн төсөлд алга.
Хөгжсөн орнуудад дата төв барих зөвшөөрөл авахын тулд "Дуу чимээг бууруулах техник, стандартууд"-ыг маш нарийн дагадаг. Тухайлбал, дуу шингээгч хавтан бүхий 6-9 метрийн өндөр хана барих, агааржуулалтын системд аж үйлдвэрийн дуу намсгагч хэрэглэх зэрэг аргыг хэрэгжүүлдэг.
Дэлхийн хамгийн том дата төвийн бүсиргэдийн бослого хөдөлгөөн АНУ-ын Виржиниа мужид болсон юм. Тиймээс Виржиниа муж 2025-2026 онд иргэдийн бослогоос үүдэн дуу чимээний хуулиа чангаруулсан. Шинэ хуулиар дата төвүүд орон нутгийн суурьшлын бүсийн хил дээр шөнийн цагт 45-50 дБ-ээс ихгүй чимээ гаргах ёстой болсон. Мөн дата төвүүд тусгай зөвшөөрөл авахын тулд техникийн стандартыг хэрэгжүүлсэн гэдгээ харуулсан "Дуу чимээний нарийвчилсан инженерийн тооцоо, акустик загварчлал"-ыг орон нутгийн захиргаанд заавал тушаадаг болсон юм.
Бидэнд бэлэн жишээ байсаар атал хуулийн төсөлдөө энэ мэт асуудлыг огт зохицуулаагүй нь харамсалтай.
ИЛ ТОД БАЙДАЛ
Дата төв тус бүр хэдий хэмжээний ус хэрэглэх вэ, ямар хэмжээний цахилгаан хэрэглэх вэ, орон нутгийн иргэдтэй хэрхэн харилцах вэ гээд зохицуулалтын асуудлууд ил тод байх нь хамгийн чухал байдаг.
Гэтэл манай улсад баригдах дата төвүүдийг Элчин сайдын яамны статустай буюу монголын талаас ямар ч төрийн байгууллага халдах эрхгүйгээр байгуулж буй нь нэг талаас хөрөнгө оруулагчдыг хамгаалж буй эерэг заалт мэт боловч нөгөө талдаа ихээхэн эрсдлийг дагуулахаар байна.
Хуулийн төсөлд бол дата төвүүдийн үйл ажиллагаанд монголын төрийн аль ч байгууллага хандаж болохгүй гэж заасан. Гал гарвал гал унтраах байгууллага очиж болохгүй байх уу? Дата төв нь хил дамнасан гэмт хэргийн (хар тамхи, зэвсгийн наймаа, мөнгө угаах гэмт хэрэг, хүний наймаа) талаарх өгөгдөл дээр ажилладаг бол яах вэ? Аль нэг дата төв нь халдлагад өртөж түүнтэй холбоотойгоор монголын интернэт сүлжээнд томоохон тасалдал үүсвэл яах вэ? гэх мэт олон асуудал эндээс урган гарна. Энэ бүх тохиолдлыг хуулийн төсөлд дараах байдлаар тусгажээ.
13.2. Гадаадын дата төвд байршуулсан гадаад этгээдийн өгөгдөл, мэдээлэл нь халдашгүй байх бөгөөд олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын эрх бүхий байгууллага тухайн дата төвийн өгөгдөлд нэвтрэх, физик болон цахим үзлэг хийх, хураан авах, үйл ажиллагааг нь зогсоохыг хориглоно.
13.3. Энэ хуулийн 13.2-т заасан халдашгүй байдлын баталгаа нь төрлөөр устгах, хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг, терроризм, хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон олон улсын кибер гэмт хэрэгтэй тэмцэх конвенцод заасан үйлдэлд тухайн өгөгдлийг ашиглаж байгаа нь Монгол Улсын болон тухайн гадаад улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу урьдчилан тогтоогдсон тохиолдолд үйлчлэхгүй.
Дата төвийн үйл ажиллагаанд монголын төрийн байгууллагууд оролцох эрхгүй гэж заасан тул ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тухайн дата төв “Олон улсын гэрээг зөрчсөн гэдгээ тогтоосон болохыгоо нотол” гээд хаалгаа нээхгүй байх нь. Бусад улс орны сургамж, туршлагыг хуулийн төсөлд суулгах нь зөв болохыг дээрх жишээнүүд харуулж байна.
ЦАХИМ БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ (Data Sovereignty)
Цахим бүрэн эрхт байдал гэдэг дэлхий дахины томоохон асуудал болоод байна. Цахим бүрэн эрхт байдал гэдэг нь өгөгдлийн бүрэн эрхт байдал гэдэг нь цахим орчин дахь мэдээлэл, өгөгдөл нь яг аль улс эсвэл бүс нутгийн газар нутаг дээр физик байдлаар хадгалагдаж, боловсруулагдаж байна, тухайн улсынхаа хууль тогтоомж, дүрэм журам, хяналтын тогтолцоонд бүрэн захирагдах ёстой гэсэн эрх зүйн үндсэн зарчим юм.
Үүнийг энгийнээр тайлбарлавал, хэрэв танай байгууллага үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг Герман улсад байрлах сервер дээр хадгалж байгаа бол тэрхүү өгөгдөл нь Герман улсын болон Европын Холбооны хууль тогтоомжууд, тэр дундаа дэлхийн хамгийн хатуу журам болох Өгөгдөл хамгаалах ерөнхий журам (GDPR)-ыг заавал дагаж мөрдөх ёстой болно. Харин яг тэрхүү мэдээллийг Америкийн Нэгдсэн Улс (АНУ) дахь серверүүд рүү шилжүүлэх эсвэл тэнд давхар хувилж хадгалж эхэлмэгц тухайн өгөгдөл нь шууд АНУ-ын хуулийн харьяалалд шилжиж, тус улсын холбооны болон мужуудын хууль тогтоомжид захирагдаж эхэлдэг байна.
Дахин сануулахад манай улс цахим бүрэн эрхт байдал гэдгийг огоорч монголын газар нутаг дээр дата төвүүдээ байгуулах компаниудад тусгаар улсын эрхийг хуулиар олгохоор болж байна.
ЭЕРЭГ ТАЛУУД
Манай улс хуурай, сэрүүн уур амьсгалтай тул байгалийн хөргүүрийг ашиглах нь аль аль талдаа эрчим хүч, усны хувьд ихээхэн хэмнэлттэй. Дата төвүүд байгуулагдвал эдийн засгийн солонгорол гэдэг нь жинхэнэ утгаараа бий болно.
Гэвч ямар улс, аль компани Хятад, Орос гэсэн хоёр хөршийн дунд орших манай улсад дата төвөө байгуулах билээ гээд бодвол тийм ч олон бус байх нь ойлгомжтой. Хуулийн зохицуулалтаа нарийвчилж, асуудлаа сайтар шийдэж чадвал хөрөнгө оруулалтын нэгэн шинэ хаалга нээгдэх нь гарцаагүй.
Гэхдээ энэ нь тийм тэнгэрийн од шиг хол, яг одоо л шүүрч авахгүй тохиол биш бөгөөд нэгэнт эрэлт хэрэгцээ нь гарцаагүй болсон, манай улсад AI дата төвүүд баригдах нь тодорхой асуудал юм. Тиймээс тэнгэрийн од шиг хүлээн авч, байгаа бүхнээ хормойдон дэвсэх нь хүндээ хөнгөнөөс өгч байгаа хэрэг болно. Ултай суурьтай бодож, монголчууд бид юу хожих вэ, иргэд, байгаль орчноо яаж хохироохгүй байх вэ гэдгийг сайтар тооцоолоход гэмгүй гэсэн үг.
Эх сурвалж: mega.forum.mn/post/181551 · Мега төслүүдийн мэдээллийн нэгдсэн сан · Нээлттэй Нийгэм Форум